06/06/2024
·
ЧИМЭЭГҮЙ БАЙХЫН ГАЙХАМШИГ
Нэгэн хийдэд шавилан суудаг бурхны олон шавь нараас нэг шавь өөрийгөө тун онцгой хэмээн боддог байжээ. Өглөг барьц хүсэн айл айлын хаалга тогших бүрдээ өөр өөр түүх зохион ярьж, мөн шавь нар дунд хов хутган, ам нь зүгээр байдаггүй байж. Бусдаас ухаантай учир өөрийнхөө төлөө чангаар залбирч, бурханд ивээгдсэн мэт их багшдаа ил харагдах гэж хичээнэ. Боломжийн чинээлэг гэр бүлээс гаралтай ч өөрийгөө нээн, үнэн мөнийг хайх гэж шавь болсноор бусдаас илүү зүйлийг золиослон амьдарч байна хэмээн ярина.
Нэгэн өдөр их багш шавь нараа дуудан, нэг сарын хугацаанд багшаас даалгавар авч өөрийн хүчийг сэрээж, тэсвэр тэвчээрт суралцах хэрэгтэй болсныг хэлж гэнэ. Гэхдээ өөрийн чадах хэмжээнд даалгавар авч, нэг сарын дотор тэвчээр алдсан нь гэртээ буцна гэдгийг нэмлээ. Бүх шавь өөрийн боломждоо таарсан даалгавар авахад өнөө шавь багшдаа ирэн, тун бэрх хэцүү, сүрхий даалгавар авч өөрийгөө соримоор байна гэдгээ хэлэв. Багш нь инээмсэглэн:
- Чи миний өгөх даалгаврыг үнэхээр барна гэж үү? Чадахгүй л байх аа даа. Ямар ч боломжгүй учир өөрт таарснаа хэл, - гэжээ.
- Багш аа, би таны хэлсэн ямар ч даалгаврыг биелүүлж чадна.
Багш:
- Тэгвэл чи нэг сарын хугацаанд чимээгүй байгаарай. Амнаасаа нэг ч үг унагаж болохгүй шүү. Энэ чиний даалгавар, - хэмээв.
Шавь:
- Үүнийг даалгавар гэх үү? Нэг сар үг дуугарахгүй байж чадвал та үүнээс том даалгавар надад өгч чадах уу? - гэв.
- Эхлээд энэ даалгаврын ард гараарай, - гэж багш хэллээ.
Тэр мөчөөс эхлэн шавь үг дуугарсангүй. Бүтэн өдөр өнгөрлөө, их л амар санагдав. Хоёр дахь өдрөөс үг дуугарахгүй байна гэдэг хэцүү боллоо. Гурав дахь өдрөөс бүр ч хүнд санагдав. Дөрөв дэх өдөр нь тэсгэл алдмаар болжээ. Харц, хөдөлгөөнөөр өөрийгөө илэрхийлэх гэж дараагийн хэдэн өдөр зүдэрсээр бие нь хүртэл өвджээ. Хоол ч орохоо байж, нойронд муу болов. Түүний ганц хүсэх зүйл нь ярих.
Тэрээр багшийнхаа урд очоод ингэж бичиж өгөв:
- Багш аа, би яримаар байна. Ярихгүй болохоор амьсгалж чадахгүй нь. Би даалгавраа зогсоох уу? Яавал дээр вэ?
Багш нь зөөлөн инээмсэглэж:
- Даалгавар биелүүлэхгүй байх амархан. Харин ард нь гарсан хүн дотоод хүчийг олж мэдэрдэг юм. Нэгэнт дотоод хүчийг мэдэрсэн хүн бүрэн сэрдэг. Даалгавраа үргэлжлүүлэх эсэх нь чиний л сонголт. Гэхдээ иймхэн зүйлийг тэсээд гарч чадахгүй бол амьдралаас ирэх тэр олон даалгаврыг хэрхэн давах билээ? - гэв.
Үүнийг сонссон шавь ганц ч үг хэлэлгүй буцлаа. Тэр өдрөөс эхлэн шавь өдөр тутмын ажил хийх гэж л өрөөнөөсөө гарч, бусад үед дотроосоо түгжин суудаг болжээ. Арван тав дахь өдөр ирэхэд олон шавь даалгавраа биелүүлж чадалгүй гэртээ буцаж байхад нөгөө шавь чимээгүй байсаар л байв. Дахин арван тав хоноход нэг ч үг унагасангүй.
Багшдаа ирж:
- Багш аа, би гаднаа үг ярихгүй байгаа ч миний дотор олон хүн ярьж байна. Тэд бүгд л гомдол хэлж, муу муухайг ярина. Би дотроо тэдэнтэй ярилцаж, олон зүйлийг асууж байна. Гаднаа хэдий чимээгүй байх гэж хичээвч дотор маань маш их чимээтэй байна. Би даалгавраа үргэлжлүүлэх үү? - гэж бичиж асуулаа.
- Чиний дотор чимээтэй байсан цагт оюун санаа чинь чимээгүй болж чадахгүй. Анир үгүй болсон цагт даалгавар дууссанд тооцоорой, - хэмээн багш хэлжээ.
Үүнийг сонссон шавь маргааш өглөө нь хийдээ орхин одлоо. Олон хоног өнгөрсөн ч шавь эргэн ирсэнгүй. Даалгаврын хугацаа дууссан байтал шавиас ямар ч сураг чимээ алга. Бусад шавь нар түүнийг амьтанд бариулж үхсэн хэмээн итгэж, хойтын буяны ном хүртэл уншихад багш нь харин санал нийлсэнгүй.
Нэгэн шавь түүнд ирж:
- Багш аа, нөгөө их үг ярьдаг залууд зовлон тохиолдоогүй байгаа? - гэж асуув.
- Үгүй л болов уу, тэр шавь хүссэн зүйлээ олж авсан буй за, - гэж багш хэлэв гэнэ.
- Багш аа, их ярих тийм хортой зүйл үү?
- Бусдын тухай муу юм ярьж явна гэдэг бол хамгийн муухай зүйл. Гэрт болж буй хэрүүл, хүмүүс хоорондын харилцаанд гарсан ан цав дандаа хэрэггүй үгнээс болдог. Хамаг сайхан эрч хүчээ хэрэггүй зүйл ярихад зарцуулна гэдэг хайран. Маш цөөн хүн чимээгүй байснаар олон зүйл олж болдгийг мэднэ, ихэнх нь мэдэхгүй, - гэж багш хариуллаа.
Гурван сар өнгөрсөн ч нөгөө шавиас сураг үгүй. Сүүлдээ түүнийг мартаж эхэллээ.
Гэтэл нэг өдөр өнөөх шавь ороод ирэв. Ирэх ирэхдээ анх хийдээ орхин гарсан тэр хүн биш болоод иржээ. Харахад амгалан тайван, харц нь тогтуун сайхан болсон байв. Амьд мэнд ирсэнд нь баярласан бусад шавь нарын өөдөөс хариу талархаж, үг хэл нь усны долгион мэт намуун сонсогдоно. Чингээд багшдаа очин, өлмийд нь сөгдөж:
- Багш аа, би чимээгүй байна уу? Миний даалгавар дууссан уу? - гэж асуув.
Багш түүнийг тогтон харснаа:
- Тийм ээ, чи чив чимээгүй, даалгавраа биелүүлж байхдаа нэг ч үг хэлээгүй байна. Чи даалгаврыг сайн биелүүлжээ, - гэв.
- Дотор сонсогдох бүх чимээ алга болох үед би үнэн амар амгаланг мэдэрсэн. Хэрэггүй олон үгний оронд салхины чимээ, усны урсгал, шувууны жиргээг сонсдог болсон, - гэлээ.
Орчуулсан: Enkhsaikhan Nyamsuren