20/01/2023
МУТМУ Д.Онон: Морь шинжих зөвлөгөө /үргэлжлэл/
Хурдан морьны өнгө зүс нэг их гялтайгаад байх сайн уу муу юу?
-Сайн биш ээ. Морины уяа мултрах, дутах хоёрт морины зүс гялтайдаг. Гялгар өнгийг дарж уралд гэдэг. Уяа морины ажил дутаад байвал сөрж таргална, агсарна.
Түрүүлэх морины тагнайд мэнгэ ургадаг гэдэг үнэн үү?
-Үнэн. 1994 онд улсад түрүүлсэн Батчулууны хээр морины тагнайг уралдах өглөө нь сөхөж үзэхэд тагнайд нь хурууны өндөг дарам хар мэнгэ урган, үүдэн шүдэндээ бараг тулсан байж билээ.
Хурдан морины арьс ямар онцлогтой байдаг вэ?
-Хурдан тусмаа арьс нь нимгэн байдаг. Хичнээн элбэг дээлтэй юм шиг арьстай нь илүү сайн давхидаг. Зузаан арьстай, хүйтэн өндөрлөг газрын морьд бяр ихтэй л байдаг юм. Нимгэндүү өргөн арьстай моринд дор хаяж бариа байдаггүй. Барьчихаад явсангүй гэж ярьдаг даа. Арьс султай нь зүгээр.
Хэнтий, Сүхбаатар чигийн ер нь зүүн талын адуу хурдан байдгийн нууц юу вэ?
-Байгаль орон, хүний оюун ухаан, хөдөлмөртэй холбоотой. Хужир устай, цагаан таруу газар ч амьтны хөлийн хурдыг шалгана шүү дээ. Тавиу газар явж байгаа юм чинь. Тэрэнтэй холбоотой. Арай дулаандуу, тавиу газрын малын арьс хөрс нь адаглаад нимгэн байна биз дээ. Нөгөөтэйгүүр хамгийн гол юм гэвэл Хар дэл жанжин бээс Пүрэвжав ноёны бий болгосон хурданы чиглэлийн удам угшлын нутаг орон тэнд байна. Оюун ухаан, хүч хөдөлмөр зарж хурданыг бий болгодог болохоос энэ л хурдан юм гэнэ лээ гэж дуулдсан газраасаа нэг үрээ авчирчаад л тэр нь учир зүггүй түрүүлж, түмэн эх болоод ч байдаг юм бас биш шүү дээ. Монгол адуу бол уналга эдэлгээний зориулалттай, бяртай чийрэг болохоос хурданы чиглэлийн юм биш шүү дээ. Шинжлэх ухаанчаар, бодлогоор хандаж, удам угшил бий болгосон болохоор Хэнтий Сүхбаатар чигийн морьд ноёлж байгаа нь тэр.
Адууныхаа цусыг холтгоно гээд хаа хамаагүй газраас азарга, гүү авчирч байгаа байдаг. Тэр ер нь хэр зөв зүйл вэ?
-Хаа хамаагүй газрын л юмнуудтай хольж сүлээд байх нь утга учир муутай. Өөрийнх нь эвсэл дотор аятайхан байлгах л хэрэгтэй юм. Удам цус нь холдоно гэдэг чинь өөрийнхөө тэр үндсэн генээсээ улам л холдоод анхных нь эзэн хараад ч танихын аргагүй юм болгочихож болохгүй шүү дээ.
“Хас тав, Хос тав”гэж ярьцгааж байх нь дуулддаг. Энэ юу гэсэн үг вэ?
-Хурдан морины сударт таван охин даагыг нэг эр дааганд өгнө. Гарсан эр төл нь “Хас 5 “ азарга болно. Охин төл нь “Хос-5” гүү болно гэж бичсэн байдаг юм. Одоо бараг ойлгохгүй. Юу гэсэн үг юм гэвэл өмнөх таван үеийг нь мэдсэн байх шаардлагатай. Тав гэдэг нь ердөө л энэ. Дээр үеийн улсууд “Хас 5 “ “Хос 5 “ гэж судар хөтөлж, юмаа тэгж л мэддэг байсан байхгүй юу. Бүр тооны ухааны томъёо шиг болгоод. Мориныхоо хэдэн үеийн түүхийг мэддэг байсан хэрэг.
Морийг арслан, гөрөөс, хандгай, туулай, мэлхий шинжтэй гэхчилэн гадна төрх байдлаар ангилдаг. Таны хээр морь ямар шинжид хамаарах адуу байсан бэ?
-Хандгай язгуурт хамаарна. Тархи толгой, дал мундаа…. гээд. Цоллуулаад зогч байхад амыг нь ангалзаж байхыг нь харсан ч уруул ам нь дарвайчихаад яг тулаад харахад нимгэн биш, мундаг. Духны яс, хамрын савхан яс эд нар чинь маягтай шүү дээ. Барагтай морь дэргэд нь ирээд зогсоход дарагддаг байсан юм шүү дээ.
Монгол улсын өнцөг булан бүрээс шигшигдэн ирсэн, олон хурдан буян цугласан “Их хурд-2” наадмыг би их тод санаж байна. Их насны морьд гарах гэж байхад “Манай уяан дээрээс дөрвөн морь баттай айрагдана” гэж байсныг чинь санаж байна. Үнэхээр сэтгэлд чинь баттай багтаж байсан болоод л тэгж ам гарсан байх даа?
-Өөрийнхөө уяаны морьдыг эрхэтгүй гадарлалгүй дээ. Морьд гарахын өмнө хүний уяан дээр очоод өөрийнхөө морьдтой дүйцүүлж харахад илүү бол илүү, дутуу бол дутуу нь дурайтал харагдана шүү дээ. Хүний морийг бол өөрийнхөөсөө илүү мэддэг юм шүү.
“Их хурд” –аас буцах замд шөнө морьдоо буулгаад идээшлүүлж байхад та араас нь ирээд буцааж ачуулсан? Нэлээн явж байгаад морьдоо дахин буулгаж идээшлүүлсэн санагдана.
-Шороотой долооцтой газар манайхан морьдоо буулгачихсан байсан. Давхиад ирсэн адуунд хужир дутагдчихсан байдаг юм. Тэгээд шороо долоочихвол үхнэ шүү дээ. Хужрын өнгөтэй бор шороотой тэр газраас “нүүлгэж” эрүүл сайхан өвс ногоотой газар хооллож хоносон л байхгүй юу
--------------------------------------------------------------------------
МУТМУяач Дамбадаржаагийн Онон;
Уяач хүн болгоны нэг том асуудал бол морины хөвөө, түүнийг яаж авахав, хөвөө нь гарахгүй бол яахав, хөвөөг ганц аргаар авч болох уу гэсэн асуулт байдаг л даа. Та бол давхар уяанд их морь уяж дадсан хүн. Иймд энэ талаа та юу зөвлөмөөр байна .
Хөвөө суулгах уу, суулгахгүй юу гэдэг чинь морь тавихаас шалтгаалдаг. Зөв засаад, зөв тавьчихвал моринд ерөөсөө хөвөө суудаггүй. Хөвөөтэй адуу таргална барина гэсэн юм байдаггүй. Хар гэдэс гэдэг бол өөр л дөө. Давхар уяанд намар цагийн морийг буруу, дутуу уяснаас болж гэдсэнд юм үлдэнэ. Иймээс хөвөө гэдэг бол морийг яаж тавихаас л болно. Ер нь морины гэдсийг сайн суллая гэвэл намрын адаг сараар цас дөнгөж орсон үед гэдсийг нь суллавал сайн байх шиг санагддаг. Хаврын шар усны үед ч ийм байдлаар суллавал мөн адил. Орчин үед бас янз бүрийн тарилга туулга, эмүүд их болж, иймд хүмүүс бас өөр өөрсдөө авах аргаа олчихсон байгаа байлгүй дээ.
Сүүлийн үед хурдан морины уралдаан их хурдтай хөгжиж байна. Үүнтэй уялдаад хурдан морины уяа сойлгод шинэлэг санаа, арга барил оруулж ирж байгаа гол хүн бол та байх шиг байгаа юм. Үүний нэг жишээ гэхэд моринд цуцаалт хийх арга юм. Хуурай, нойтон цуцаалтч гэх шиг. Тэгэхлээр цуцаалт гэдгийг чухам юу гэж ойлгохов, хэзээ яаж хийдэг юм, зун хавар, намрын моринд адилхан хийдэг юм уу?
Хуурай цуцаалт гэдгийг олон хийж болдогүй эд. Ер нь бол хөөлтийг нь авах гэж хийдэг. Хөөлттэй морь чинь явахгүй шүү дээ. Хат ихтэй, яргайдуу махтай адуунд л сайн ажил. Тэгэхээс морь болгонд хийгээд байдаг ч ажил биш. Гол нь давхилиудын өмнө хийдэг. Гэхдээ олон хийвэл морины зүрх ч үхэж болно. Цуцаалт гэдэг маань уулын өөд тулгуухан цогиулж л хөөлтийг авч байгаа хандлага. Үүнийг бол би л гаргасан юм. Гэхдээ дээхэн үед бас хийж байсан юм билээ. Морь болгонд хийж болохгүй. Угаасаа бариа тавиа байхгүй адуунд цуцаалт хийх хэрэггүй. Учир нь бариа, тавиа нь байхгүй юм чинь.
Хэрэв цуцаалт хийх шаардлагатай бол хавар, намар, зуны аль улиралд хийж болох вэ?
Тийм их олон хэрэггүй. Зарим хүмүүс морийг цуцаадаг юм гээд байн байн өгсүүлж байгаа харагддаг. Ингэж болохгүй л дээ. Зүрх нь үхнэ .
Монголчууд бид морины ир орох, оруулах гэж их ярьдаг. Таны хувьд ир орох талаар ямар ойлголттой байдаг вэ? яаж ир оруулдаг юм бэ?.
Морийг эхлээд ямарч зовлонгүй болгодог байхгүй юу. Эхлээд морио засдаг. Дараа нь ажилаа хийдэг. Ажилаа хийж дууссаныхаа дараа хурдыг хийгээд хурдан нь гараад ирэхээр давхилыг хадгалдаг. Давхилыг хадгалсан морь очтой болдог. Амьсгаагүй, хөөлтгүй болдог. Ийм морь л ёстой жинхэнэ ир нь орж уралддаг.
Дээр үед давхар уяаны морь гэж бараг байсангүй. Наадам бага байж. Орчин үед уяа бол олон давхар болж жилийн турш л үргэлжилж байна. Иймд давхар уяаны морин дээр нийтээр анхаармаар зүйлс байх ёстой. Та энэ асуудлаар уяачидад юуг захих байна.
Давхар уяаны морь чинь ажил хийхээр давчих гээд байдаг, хийхгүй болохоор дутчих гээд байдаг эмзэг золиг. Хамгийн гол нь түүнийг мэдэх нь чухал. Яаж ариг авхуулчихгүй,гэдэсийг тавиулчихгүй байхав, хоол тэжээлийг бас хориод байж болдоггүй. Тэгэхлээр давхар уяаны морийг чинь хоолыг нь шингэсэн хойно оройхон жижигхэн тарны ажилаар биеийг авхуулж байвал болдог эд. Тэгэхээс хөлс аваад байж болдоггүй. Хэрэв хөлслөх шаардлага гарвал бүр тулгаж байгаад хөлсөлдөг. Ялангуяа гэдэс суларч хөдөлгөөнтэй байвал тулгаж хөлс авахад буруугүй. Ер нь давхар уяаны морийг байнга сэтгэлийг нь сэргээж биеийг чангалж байж л болдог. Тэгэхгүй бол жаахан гэдсийг тавиулчих, сэтгэлийг назгайруулчих юм бол морь чинь биеэн тавьчихдаг. Үүнийг л сайн бодох хэрэгтэй.
Та бол адууны ямар үүлдэрт ямар уяа зохилтой гэхээс илүүтэй өөрийнхөө мэдрэмжийг илүү хөгжүүлж, энэ мэдрэмжээсээ морио уядаг байх хэрэгтэй гэсэн санааг л хэлэх гээд байна даа.
Үндсэндээ морийг эмээлээд баалгах, тар хийх гэж байхад ямар ажил хийхийг чинь хэлээд өгдөг. Тэр маягаар нь уях ёстой. Тэгэхээс биш, тэгж уяа гэсэн заавар угаасаа байхгүй. Даруухан уях морь байхад сэтгэлийг нь сэргээж уяах морь гэж байна.