09/08/2026
🤣
Дүүгийнхтэй хамт "Хаан жимс" жуулчны баазад амрахаар очлоо. Замдаа айлаас 1хонь аваад, зорьсон газраа очиж, урт хөх даавуугаар хүзүүнээс нь уяад шургааган хашаанд бэхлэв. Миний хүү 7 настай, дүүгийн 6 настай охин 2 хонины хажууд тоглож, бид хонио төхөөрүүлэх хүн хайж явсаар ойр байх айлаас нэг залууг олоод баяр хөөртэй эргээд иртэл, хонь байхгүй.
2 хүүхэд маань өмнөөс гүйж ирснээ:
- Бид 2 хонио салхилуулах гээд уяанаас нь байдаг чангаараа бариад явж байсан чинь, аймаар дээр хөөрөөд, бид хоёрын гэдсээр газар чирж гүйж байгаад зугатаасан. Гэхдээ санаа зоволтгүй, тэр хонинуудын цаана нуугдсан, бид 2 танина гэдэг юм. Нөгөө залуугаа машинд суулгаж аваад хэдүүлээ хонин дээр очлоо. Хариулж явсан залуу:
- Тэгсэн, тэгсэн. Манай хоньтой нийлчихсэн, та нар хонио таних уу? гэтэл манай 2 маамуу:
- Танинаа, буржгар цагаан үстэй, шар шүдтэй, бохь зажлаад (хивж байсан байх) зогсож байсан гээд бүр нэг додигор.
Хоньчин, төхөөрөгч 2 хөхөрч хөхөрч, буржгар цагаан хонио хайя даа гээд дор нь олоод барихаар гэтэж явтал, манай хэргийн эзэд дуугүй байсангүй.
-Мөн үү, гүйлгээд үз, гүйхээрээ юбка нь дээшээ, доошоо болоод байсан гээд, яг барьж авангуутаа нөгөө залуу элэг нь хөшөөд, хамаг хүч нь дууссан бололтой, алдчихав аа. Тэгснээ:
- Наадхыгаа битгий хөө, явуулахгүй сэмхэн барихгүй бол үсэн дунд нь шүд явчихлаа гэв ээ. (Инээхэд хиймэл шүд нь хонины үсэн дунд уначихаж) Дуугүй байж чаддаггүй 2 маань:
- Одоо бүр сайн танигдана. Үсэндээ шүдтэй хонь барина шүү гэж баярлалдаад, бид зүлгэн дээр элгээ тэврээд унацгаачихсан. Хонио барилаа, шүд байхгүй. Хайгаад олсонгүй. Бүрэнхий боллоо, гэдэс цэвэрлэж, чанасаар байтал, хорхог ч амжилгүй унтацгаав.
Маргааш нь хорхгоо хийгээд идэж суутал манай 2 идэж байгаа махаа эргүүлж, тойруулж хараад:
- Энэ манай хонь арай л бишээ гэнээ. Махаар нь таньж болохгүй шүү дээ гэтэл:
- Манай хонь арай л өндөр байсан, энэ намхан байна. Манай хонь хөх зүүлттэй гэсээр хооллов. Хоёр маамуугийн яриаг хэн ч тоосонгүй.
Хоолны дараа томчууд даалуу тоглож, маргааш нь нэмж ирсэн 2 хүүхэдтэй манай 2 тоглож явснаа, гүйж орж ирээд:
- Манай Диана амьд явж байна гээд байх юм. Юун, Диана вэ? гээд гартал, нээрэн тасарсан хөх уяаны тал хүзүүнд нь зүүлттэй нөгөө хонь мөн шиг...Хонины эзэнд учраа хэлтэл хонийг хараад:
-Нээрэн тийм байна, уяаг нь тайлаад орхиё, хадмууд мэдчихнэ гээд хоньтойгоо хөөцөлдөж явтал морьтой хүн ирснээ:
- Өчигдрөөс хойш хонь тогтоохгүй хөөгөөд юу болоод байнаа гэсэн чинь, хоньчин залуу:
- Зүгээр ээ, аав аа, энэ хүүхдүүд хонины хүзүүнээс уяа уячихаж, тэрийг авах гээд гэж ээрч муурав. Манай 2 дуугүй байсангүй ээ.
~ "Тэр хөх зүүлттэй нь манай хонь, танай хонийг бид нар хуваагаад идчихсэн" гэж орилоод хэрэг илрэв ээ. Харин дажгүй хүн таарч,
- Нэгэнт өнгөрсөөн, манайд ирэх учиртай л амьтан юм байлгүй гээд бидэнтэй сууж, өөрийнхөө хониор хийсэн хоолноос зооглож, сайхан танилцаад адал явдалт зугаалга өндөрлөсөн дөө. Манай Диана хонинд нь үлдсэн. Хониндоо бас нэр өгөөд амжсан байсан. Нэр өгсөн болохоор өршөөгдсөн ч байж мэднэ.😃😂