18/07/2026
За өнөөдөр судасны трико, оймсны талаар пост оруулах гэж байнаа. Судасны трикогоо сонгож авахдаа юуг анхаарах вэ? 😇
🌸Судасны трико (компрессийн трико) гэдэг нь хөлний венийн судсыг гаднаас нь тодорхой даралтаар шахаж дэмждэг зориулалтын эмчилгээний оймс, трико юм.
Энэ нь энгийн бариу оймсноос ялгаатай бөгөөд даралт нь шинжлэх ухааны үндэслэлтэйгээр хуваарилагдсан байдаг.
Компрессийн ангилал
15–20 mmHg – Хөнгөн даралт, урьдчилан сэргийлэх болон хөл ядардаг хүмүүст.
20–30 mmHg – Дунд даралт, варикоз болон хавангийн үед эмчийн зөвлөгөөтэйгээр өргөн хэрэглэдэг.
30–40 mmHg – Илүү хүчтэй даралт, хүнд хэлбэрийн венийн өвчний үед эмчийн хяналтаар хэрэглэнэ.
🧐(mmHg гэдэг нь "миллиметр мөнгөн ус" (millimeters of mercury) гэсэн даралтын нэгж юм. Анх цусны даралтыг мөнгөн усан баганаар хэмждэг байсан тул өнөөдөр ч энэ нэгжийг хэрэглэсээр байдаг.)
Компрессийн трико нь даралтыг жигд биш, шаталсан (graduated compression) байдлаар өгдөг.
🦶 Шагай орчимд хамгийн их даралт (100%)
🦵 Шилбэ рүү дээшлэх тусам даралт багасна
🦿 Гуя хэсэгт хамгийн бага даралттай байдаг
Ингэснээр цус доош хуримтлагдахгүй, зүрх рүү буцах урсгал сайжирдаг.
Энд нэг зүйлийг анхаараасай гэж хүсэж байна. Интернэтээр 80, 90 Дентэй судасны трико зарж байна гэж сонсож байсан.
Ден (Den, Denier) болон mmHg нь огт өөр зүйл хэмждэг.
🤔Ден (Den) гэж юу вэ?
Ден нь оймс, триконы утасны зузаан, нягтыг илэрхийлдэг нэгж юм.
20 den – Маш нимгэн, бараг тунгалаг.
40 den – Дунд зэргийн зузаан.
80 den – Зузаан.
90–100 den – Илүү зузаан, дулаахан.
200 den – Маш зузаан, өвлийн трико.
Ден (Den)
Утасны зузааныг илэрхийлнэ
Загвар, дулаан, тунгалаг байдлыг тодорхойлно
mmHg
Компрессийн даралтыг илэрхийлнэ
Эмчилгээний үйлчилгээг тодорхойлно
🌸Жишээ нь
80, 90 Дентэй трико нь зузаан боловч компрессгүй байж болно.
Харин 20–30 mmHg компрессийн трико нь нимгэн харагдсан ч венийн судсанд эмчилгээний даралт өгдөг.
Тэгэхээр судасны трико худалдан авахдаа хэр их зузаан буюу дентэй вэ биш хэр их даралттай вэ (mmHg) гэдгийг нь асууж авах нь маш чухал.
Судасны оймс дээр үү эсвэл судасны трико юу?
Хэрэв асуудал зөвхөн шагай, шилбэний доод хэсэгт байгаа бол Өвдөг хүртэлх судасны оймс ихэнх тохиолдолд хангалттай байдаг.
Хэрэв судас өвдөгнөөс дээш, гуя хүртэл гарсан эсвэл бүх хөл хүндэрч, хавддаг бол трико илүү тохиромжтой. Учир нь гуя болон аарцгийн хэсгийн венийн эргэлтийг ч мөн дэмждэг.
Судасны трико, оймс өмсөх зөвлөгөө
🌅 1. Өглөө эрт өмсөх
Хөл хавагнахаас өмнө, өглөө орноосоо босоод аль болох хурдан өмсөх нь хамгийн тохиромжтой. Хэрвээ тэгж амжаагүй эсвэл өглөө өмсөхөө мартсан бол хөлөө 5-10 минут дээш нь өргөж байгаад дараа нь өмсвөл илүү дээр.
👌 4. Зөв техникээр өмсөх
Оймсыг өсгий хүртэл нь дотогш эргүүлнэ.
Эхлээд хөлийн хуруу, дараа нь өсгийг яг зөв байрлуулна.
Дараа нь аажмаар дээш нь жигд татаж өмсөнө.
Дээд хэсгийг огцом чанга татаж болохгүй.
🚫 5. Эвхэж, нугалж болохгүй
Оймсны ирмэгийг хумиж нугалах нь тухайн хэсэгт хэт их даралт үүсгэж, цусны эргэлтэд сөргөөр нөлөөлж болзошгүй.
✋ 6. Бээлий хэрэглэвэл амар
Резинэн эсвэл тусгай компрессийн бээлийтэй бол оймсыг гэмтээлгүй, илүү амархан өмсөж болно.
🌙 7. Орой тайлна
Ихэнх хүмүүс компрессийн оймс, трикогоо өдөр өмсөөд, унтахын өмнө тайлдаг. Харин эмч өөрөөр зөвлөсөн бол түүний зааврыг дагаарай.
Нэмэлт зөвлөгөө
Хэрэв өмсөхөд маш хэцүү байвал компрессийн оймс өмсөх тусгай хэрэгсэл (donning aid) ашиглаж болно.
💡 Хамгийн түгээмэл алдаа: Оймсыг дээш нь хүчтэй чирч татах эсвэл ирмэгийг нь хумиж нугалах. Ингэснээр жигд даралт алдагдаж, эмчилгээний үр нөлөө буурдаг.
Энэ хүртэл уншсанд баярлалаа жоохон ч гэсэн тус болсон гэж найдаж байна. ☺️