05/05/2026
БУЯНЫ ХӨСӨГ УНААНЫ ЖОЛООЧ
Гар цайлгах ёсон: Хүндэтгэл, ариусал ба зам мөр засах ухаан
Монголчуудын зан заншил бүр нь өөртөө гүн гүнзгий бэлгэдэл, байгаль дэлхий болон хүмүүн хоорондын харилцааны нарийн хэлхээг агуулж байдаг. Тэр дундаа хүний амьдралын сүүлчийн замд үдэж нутаглуулах буяны зан үйлд үйлээр шүтэн барилдлага үүсгэж буяны гараа сунгаж туслалцаа үзүүлсэн хүмүүсийн “гар цайлгах” буюу зэд барих ёс нь зөвхөн талархал төдий зүйл биш, монгол хүний нинжин сэтгэл, өглөг буяны харамгүй сэтгэлийг илэрхийлэх ерөөлийн нандин уламжлалт ухаан юм.
1. “Цайлгах” хэмээх утга:
Монголчууд аливаа бараан, хүнд зүйлийг “цагаан өглөг өргөл буяны” зүйлээр зөөллөж, засдаг эртний тогтсон уламжлалтай. Нутаглуулах зан үйл нь сэтгэл зүйн хувьд хүнд, хагацал гуниг дагуулсан ч дараа төрлийнх нь үйл хэргийн буяны замыг засах онцгой хүндэтгэл дүүрэн бүтээх буяны үйлс юм. Иймээс энэ үйл хэрэгт гар бие оролцсон, ялангуяа нутаглуулах замд нь хүчин зүтгэсэн жолооч, дагалдан яваа хүмүүст ч гэсэн буян бүтээх боломжийг олгож, сэтгэл санааг нь тэтгэх зорилгоор “гар цайлгах” үйлийг хийдэг. Энэ нь тухайн хүний хийморь лундаа цог буяныг сэргээж, цаашдын зам мөрийг нь тэгштгэж, ариусгаж буй хэрэг юм.
2. Сүү, Цай , Хадагны бэлгэдэл:
Амьдрал ахуй тэгшрэхийн ерөөл буян бүрдэнэ хэмээн. Монголчууд цайг “идээний дээж” хэмээн дээдэлдэг ажээ. Гар цайлгахдаа цай, сүү, хадаг зэргийг сонгодог нь дараах гурван гүн бэлгэдлийг агуулдаг:
Сүү : Өгч буй эзэн нь чин сэтгэлээсээ, ариун цагаан сэтгэлээр өглөг өгч буйг илэрхийлнэ.
Цай : Цайны өнгө, амт шиг амьдрал нь дэлгэр сайхан, саадгүй тэгш дүүрэн байхыг бэлгэддэг.
Хадаг : Хадаг бол эдийн дээд хэмээн монголчууд нэн эртнээс хамгийн хүндэтгэлтэй үйл бүхэндээ тус бүрийн зан заншил, ёс уламжлалыг хадгалсан олон төрлийн хадаг барьж хэрэглэх тогтсон ёс уламжлалтай. Нутаглуулах зан үйлд ихэвчлэн Самбай хадаг ,Нанжвандан хадгийг хэрэглэдэг бөгөөд хүнд барих хүндэтгэлийн хадагтаа Даш хадгийг барьдаг ёс уламжлалтай билээ.
Түүнчлэн зам мөрийг засах аливаа ажил үйлсэд нь “цагаан мөр” гаргаж буй ирээдүйд учрах барцад саад тотгорыг зайлуулж буй бэлгэдэл дүүрэн зан заншил юм.
3. Тус ба хариу нэхэхгүй сэтгэл
Энэхүү ёс нь монгол хүний нэг нэгэндээ туслах, буяны үйлсэд гар бие оролцохдоо “хариу нэхдэггүй” ч, нөгөө тал нь тусыг марталгүй заавал ерөөлөөр хариу барьдаг ёс зүйн тогтсон соёл юм. Жолооч болон бусад оролцогчид энэ зан үйлээр дамжуулан сэтгэлийн өглөг буян тэгширч хийсэн тус нь “буян” нь болон бүтээд буман зүгээд дэлгэрэх болтугай
Монголын бурхан шашны соёмбо сүмийн тэргүүн Б. Ариунбуян
ᠪ. ᠠᠷᠢᠭᠤᠨᠪᠤᠶᠠᠨ