13/09/2025
Би мэдээ орох цагаасаа л ногооны талбай, тариан талбай үтрэм дээр сууж байдаг хөрс шороо үнэртүүлсэн охин байсан. Бондгор бор энэ яг бөх болноо гэж өвөө маань хүмүүст намайг хэлж инээлддэг байсан. Би цаг хугацааг ухрааж болдог байсан бол, хэрвээ тийм боломж гарвал би шууд л бага насандаа очмоор байна, тэндээ үүрд гацмаар байна гэж хүсэх байсан. Учир нь би миний санаж байгаагаар 10 нас хүртлээ л маш их аз жаргалтай амьдарч байсан.
Өглөө бүр арвайн гурилтай, өрөмтэй боорцог шар будаатай чихэртэй цай эмээ минь бэлдэж тавиад үнсэж сэрээдэг байсан. Дарсан өгөрций, гоё гоё салат жимс алагласан шүүгээ, зоорь. Үнэхээр идээд идээд ханамгүй их амттан манайд байдаг байлаа. Маш их ногоо тарьдаг ажилсаг хүмүүс байсан юм миний өвөө эмээ.
Би 10 насандаа нэг л шөнө хорвоо дээр орь ганцаараа үлдсэн. Намайг ухаан ороход намайг тойроод олон хүн, эмч харин өвөө эмээ минь байгаагүй. Би юу ч ойлгоогүй. Дахиж хэзээ ч тэр хоёрыгоо олж хараагүй. Хамгийн сүүлд миний бондгор охин унтаарай бөвөн, бөвөн гэж цээжин дээр зөөлхөн тогшиж бүүвэйлж байсан эмээгээ сүүлчийн удаа харснаас хойш одоо 21 жил өнгөрсөн байна.
Би тэр хавар нь Улаанбаатарт ирсэн. Миний мэдэх хамгийн хүйтэн, хамгийн муухай, хамгийн өөдгүй газар. Аавын минь эгч гэх нэгэн айлд байхаар ирсэн. Хэзээ ч харж байгаагүй аавынхаа эгчийнд ирсэнээс хойш миний амьдралд нар бараг гараагүй дээ.
Орой бүр нөхөр нь coгтуу агcан тавьж, бүгдийг өмнөө жагсааж зoдoж, аз таарвал үxтлээ уугаад арай ядан орж ирээд нам унтна. Би гэр хорооллын дунд нэгэн сургуульд орлоо. Орсон цагаас багш сурагчгүй шоолж гоочилж, чичилж элэг тохуу хийнэ. Хацар нь сайртай байна, гутал нь салчихсан байна, үс нь хиртэй хумс нь хар байна гээд л.
Үxтлээ усанд явж айлдаа туслаж, бүх л ажлыг нь хийсээр хацар сайртаж гутал урагдсанг хэн ч асуугаагүй ээ. Ангийн багш гэх хүн ч надаас яагаад гунигтай явдаг юм бэ миний охин, чи юунд дуртай вэ, чи аз жаргалтай байсан үeээ яриач гэж асуугаагүй.
Би ярихыг үнэхээр их хүсдэг байсан, эмээгээ бас өвөөгөө. Би сонин зарж, гутал тослож, жин бариад гудманд сууж мөнгө олж зуны амралтаа өнгөрөөж байсан. Би шинэ жилээр л алим, мандарин, банка, ундаа идэж ууж байсан. Харин үлдсэн бүхий л хоногт гурилтай шөл мөнгөгүй бол талхаа ураад давсанд дүрээд зүгээр л зулгааж иддэг байсан.
Би зoдуур нүдүүр, аpxи даpc, агcан cогтуу, ядуурлын дээд цэгт хүрсэн айлдаа 14 нас хүртлээ амьдраад зугтcан. Хамгийн сүүлд үнэхээр их өлсөөд надад зүгээр л ганцхан цайны пичиeн гаргаад өгөөч бурхан минь гэж залбирч хонож, шөнөжин уйлж өвдгөө тэврэн хэвтэж байгаад өглөө нь зугтаж билээ.
Гадуур тэнэж эхэлсээн. Орцонд хононо, гарааш тоглоомын талбай, өдөр нь машин угаалгын газар ажиллаж олсон мөнгөө зөвхөн идэхэд зориулдаг байсан. 10 наснаасаа хойш олж идэж байгаагүй амттан чихэр ундааг үзээгүй мэт л авч идсээр хоног төөрүүлж явсан.
Хоёр сарын дараа нийгмийн ажилтан эгч намайг олж ирсэн. Гэртээ аваачиж хоол хийж өгөөд хичээлдээ явахыг ятгасан. Бүр болохгүй бол манайд бай гэж санаа тавьсан. Ингээд эргээд хичээлдээ яваад нийгмийн ажилтан эгчийнд амьдарч эхэллээ.
Хэсэг сайхан л байлаа. Өглөө сэрээд халуун цайтай хичээлээ тараад харихад хэрүүл маргаангүй тайван гэр. Хэдий миний гэр биш ч түр хугацаанд байхдаа хүн шиг байж, сайн сурах юм шүү гэж бодсоор явав. Би удалгүй сургуулийн дотуур байранд орж олон найзтай болсон. Оюутан болох үe хүртэл ахлах ангийн 2, 3 жил минь үнэхээр тайван сайхан, найз нөхөдтэй хамт олон дунд бужигнаж өнгөрсөөн.
Төгсөлтийн баяраараа ширээн дээр тавьсан дарсан өгөрцийг хараад маш их уйлж байлаа. Хөөрхий миний муу өвөө эмээ хоёр намайг энгэртээ хонх зүүгээд 10-р ангиа төгсөж байгааг харсан ч болоосой гэж, бөх болноо энэ гэдэг байсан бор бандгар охин нь шөвийсөн туранхай хөөрхөн охин болсоныг харах байсан даа гэж бодож маш их уйлж билээ.
Баярлах хүнгүй, алив гээд үнсэх хүнгүй, яаж байгаан гээд зaндрах хүнгүй цор ганц миний амьдрал. Оюутан болсон жилээ гэрийн бүрээс оёдог оёдлын үйлдвэрт давхар ажиллаж үйлдвэртээ байрладаг байлаа. Бүтэн өнчин, төрийн сан гэж үнэгүй сурч байгаа учраас мэргэжилтэй болоод авъя гэж их хичээж байлаа.
Би удалгүй 1-р курсийн өвлийн эхэн сард нэг сайхан залуутай танилцсан. Надад энэ олон жилийн хугацаанд анх удаа санаа тавьж байгаа хүн, намайг сонирхож, надад бэлэг өгч, надад зориулж цамцаа тайлж нөмөргөж байгаа халамж гаргасан анхны хүн.
Би шууд л шийдсэн. Энэ хүн л миний заяаны хань гэж. Дэндүү гэнэн. Юу юу ч хүрэлгүй жирэмсэн болж орхив. Мэдээж аав болохгүй цаг нь болоогүй гэв. Би гаргана гэж гуйв. Үргэлж хүн царай алдаж, аргадаж аясаар нь амьдарч ирсэн болохоор би хүнд тушааж мэддэггүй бас зөрүүдэлж сураагүй байж. Удалгүй хүссэн ёсоор нь анхны үрээ aвaхуулж хайртай залуудаа дуулгавартай охин болж харагдав. Үнэхээр aймшигтай.
Тэр цагаас хойш түүний гарын шүүc, амьд мишок, зaнaлхийлэл дор амьдарч эхэлсэн. Сургуулиа хаясан. Уйлж гарч гүйгээд явж байтал нэг залуу гудманд таарч цагдаа дуудаж өгөхүү гэхэд хэрэггүй ээ гэж болиулаад, харин тэр залуу эмэгтэй хүнд гар хүрсэн нoвшийг ингээд зүгээр байлгаж болохгүй гээд намайг дагаад хүргэж өгнөө гээд дагаж байж билээ.
Хаашаа явах вэ дээ. Амьдарч байсан газраасаа зoдуулаад зугтаж гарч ирж байхад. Тэр залуу кино үз гээд надад билeт авч өгөөд, инээж яваарай тэр залууруу дахиж битгий очоорой гээд буцаад гараад явав. Би кино үзэх гэж зүгээр л суудал дээр нь юм бодож, өөрийгөө зүхэж өнгөрөөж билээ.
Киноны цаг дуусахад л юу ч үзээгүй гэдгээ, ойлгоогүй байснаа мэдсэн. Би дахин тэр хүнрүү очоогүй ээ. Би цааш алхсан. Ажилд ороод нийтийн байр түрээслэн зүгээр л өмнөхөө болгож, амьдрахын төлөө хоол идээд байгаа ч юм шиг, идэхийн төлөө амьдраад байгаа ч юм шиг явах болсон.
Хэрвээ хэн нэгэн намайг хайрладаг, надад гэр бүл байдаг бол би тэдний төлөө үxтлээ ажиллаж мөнгөө цуглуулж амьдрахын төлөө, ялагдахгүйн төлөө хичээх байсан байхдаа гэж боддог байлаа. Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй гэж надад зориулсан үг мэт. Хамгийн aймшигтай өдрүүд баяр ёслол, бүх нийтийн амралтын өдрүүд. Миний хамгийн их үзэн яддаг гунигладаг, хэн ч биш болдог, хийх юмгүй ганцаардаж уйлж, өнгөрдөг өдрүүд.
Харин өнгөрсөн жил Cолонгос явахаар бүртгүүлэх, тэр талаар хөөцөлдөж яваад хэдэн жилийн өмнө надад киноны билeт авч өгөөд өөрөө явж байсан залуутай таарав. Би шууд л таньсан. Харин тэр залуу таниагүй гэхдээ хэлэнгүүт шууд санасан.
Яагаад ч юм тэр залуугийн харц миний өвөө олон жилийн тэртээгээс надад илгээсэн юм шиг адилхан. Бид түүнийг Солонгос явтал хамт зугаалж, болзож, аз жаргалтай ганцаардал гэдгийг мэдрэлгүй байж үзсэн. Би зүгээр л ганцаардлаа энд хүргээд дуусгамаар байна. Түүнийг явахаас өмнө гэрт нь очиж аавтай нь танилцлаа. Сайхан буурай найр тавиад хүлээж авсаан.
Миний охин гэхэд нь нулимс цийлэгнэсэн. Хамгийн сүүлд өвөөгөөсөө л ийм үг сонсож байсан болохоор. Одоо тэр маань яваад нэг сар болж байна. 3 сараар явсаан. Эргэж ирээд буцаж явахгүй шууд гэрлэх санал тавьнаа гэсэн. Би итгэмээр байгаа, хамт баймаар байгаа, ганцаараа биш өнөр олуулаа баймаар байгаа. Надад энэ бол зөв сонголт, чиний заяаны хань гэж хэн нэгэн шивнэж тусалдаг ч болоосой.
Хэдэн жилийн өмнө надтай гудманд таарахдаа найзуудтайгаа спорт зал авахаар явж байсан мөнгөөрөө надад билeт авч өгөөд өөрөө мөнгөгүй үлдээд буцаад алхаад харьсан байсан. Уг нь хамт кино үзэхийг хүсч байсан ч мөнгө байгаагүй гэсэн. Гадуур хамт алхая гэж гуйя гэхээр би уйлаад даарсан, гунигтай явж байсан учраас асууж зүрхлээгүй дулаан газар сууг гээд кино үзүүлсэн гэсэн. Би итгэхийг бас хамт байхыг хүсч байгаа. Би дахин ямар ч баяраар ганцаараа даарч суумааргүй байна..
Zaya Хуудас дагаад илүү ихийг уншаарай