06/01/2026
Өвөл ирэхдээ чимээгүйхэн ирдэг. Намрын шаргалтаж хоцорсон талд гэнэтхэн л цагаан цас хаялж, ээрэм хөндийд дуу алдах зав ч өгөлгүй бүхнийг дардаг. Хүн өөрийн эрхгүй дотогшоо хумигдаж, хөдлөхөөсөө илүү бодох нь ихэсдэг. Тал нутаг өргөн уудам тул хүн, малын дуу анир цөөрөхөөр улам тэлж, хоосон зайгаа ахин томруулна. Ес эхлэх цагаар уяан дээрх морьд хамраасаа уур савсуулж, уяаны мод жиндүү дуугарна. Өвөл юм бүхэн өөрийн байр сууриа ингэж олдог. Цас хаялсан шөнө тал нутаг бүр ч дуугүй болдог. Хавар, намрыг бодвол өвлийн тийм шөнөөр дурсамж илүүтэй тодосно. Цас зузаарвал тал танигдахгүй болно. Уул, жалга, хөндий бүгд ижилхэн цагаан. Цасны мандал дээр оддын гэрэл ойж, тал нутаг өөрийн гэсэн тэнгэртэй болчихдог.
Өглөөн наран өвөл л хамгаас гэрэлтэй үзэгддэг. Хамар, амнаасаа уур савсуулан хивэх хонь, үхэр дулаан хэвтрээсээ хагацах дургүй. Хөгшид ч мөн өвлийн хахир цагт тэнгэрт мордож, үр хүүхдээ хөлдүү газар тоншуулахгүй юм сан гэдэг сэн. Өвөл тэгэхээр хагацлын улирал биш. Алив бүхэндээ ээнэгшин дасаж, бусдын дулааныг дух янгинуулсан жавартай сөргүүлэн санаж явмаар болдог. Бүх юм хөдөлгөөнгүй, хөлдсөн нуур дээгүүр тахийн зоо шиг алаглан нуруулдсан цасыг салхи хааяахан чимээгүй нүүлгэхээс өөр аниргүй. Тийм аниргүйд амар амгалангийн мэдрэмж төрнө. Өвөл ерөөс хавар шиг өдөр бүр салхиар ороолгож, зун шиг цаг бүр борооноор мордуулахгүй.
Өвөл ерөөс хавар шиг өдөр бүр салхиар ороолгож, зун шиг цаг бүр борооноор мордуулахгүй.