04/10/2026
ДЭЛХИЙГ ӨӨРЧЛӨХ САНАА ТҮҮНД БАЙЛАА. ХАРИН ХИЙЖ ДУУСГАХ МӨНГӨ НЬ ДУУСАЖ БАЙВ.
Жеймс Уатт. Brass: Birmingham тоглоомд гардаг энэ хүн зүгээр нэг зохиомол дүр биш. Бидний өнөөдөр хэрэглэдэг чадлын нэгж «ватт» түүний нэрээр нэрлэгдсэн юм. Гэхдээ ийм нэр хүндэд хүрэхээс нь өмнө түүнийг олон жилийн бүтэлгүй туршилт, өр төлбөр, санхүүгийн бэрхшээл хүлээж байлаа.
Уатт уурын хөдөлгүүрийг анх зохион бүтээгээгүй. Түүний түүх өмнө нь байсан нэг хөдөлгүүрийн жижиг загварыг засах ажлаас эхэлжээ. Тэр үед уурхайгаас ус шавхдаг уурын хөдөлгүүрүүд асар их нүүрс хэрэглэдэг байв. Учир нь цилиндрээ дахин дахин хөргөж, буцааж халаахад дулааны ихэнхийг үрж байлаа. Уатт үүнийг өөрчлөхөөр ажиллаж, 1765 онд уурыг үндсэн цилиндрээс тусдаа саванд хөргөх шийдэл олсон юм.
Гэхдээ жижиг загвар ажиллана гэдэг жинхэнэ уурхайд ажиллах аварга хөдөлгүүр бүтчихлээ гэсэн үг биш байв.
Том хөдөлгүүрийн эд ангиуд хангалттай нарийн таарахгүй, уур алдаж, туршилтууд удааширна. Зардал нэмэгдсээр. Уатт хөрөнгө оруулагч Жон Рөбактой тохиролцож, өрөө төлүүлэн, бүтээлээ санхүүжүүлэхийн хариуд түүнээс олох орлогынхоо гуравны хоёрыг өгөхөөр болов. Мөнгө хэрэгтэй байсан учраас энэ нөхцөлийг зөвшөөрчээ. Гэвч бүтээл нь худалдаанд гарахад бэлэн болоогүй л байлаа.
Удалгүй санхүүжүүлэгч нь өөрөө дампуурлаа. Уатт амьжиргаагаа залгуулахын тулд газрын хэмжилт, суваг байгуулахтай холбоотой инженерийн ажил хийхээс аргагүй болов. Дэлхийг өөрчлөх боломжтой санаа байсан ч түүнийгээ бизнес болгох зам нь гацсан байв.
Түүний амьдралд эргэлт авчирсан хүн нь Бирмингемийн үйлдвэрлэгч Мэттью Боултон байлаа. Боултон зөвхөн хөрөнгө гаргаагүй. Уаттад дутагдаж байсан чадварлаг урчууд, үйлдвэрлэлийн боломжийг бүрдүүлж өгсөн юм. Эцэст нь 1776 онд тэдний хөдөлгүүр уурхайн бодит ажилд амжилттай ашиглагдав. Анхны шийдлээ олсноос хойш 11 жил өнгөрсөн байлаа.
Харин тэдний мөнгө олох арга нь бас сонирхолтой.
Хэрэглэгч хөдөлгүүрээ бариулах зардлыг өөрөө гаргана. Харин Уатт, Боултон хоёр технологио ашиглуулсны төлөө хуучин хөдөлгүүртэй харьцуулахад жилд хэмнэсэн нүүрсний өртгийн гуравны нэгийг авдаг байв. Өөрөөр хэлбэл, тэдний орлого хэрэглэгчийн хэмнэлттэй холбоотой байжээ. Гэхдээ амжилтын дараа ч бүх зүйл дардан болсонгүй. Зарим уурхайн эзэд жил бүрийн төлбөрөө өгөхөөс татгалзаж, шинэ маргаанууд эхэлсэн юм.
Уаттын алдаршсан шалтгаан нь ердөө «сайн машин хийсэн»-д байсангүй. Түүний сайжруулсан хөдөлгүүрийг цааш хөгжүүлснээр уурхайгаас ус шавхахаас гадна үйлдвэрийн тоног төхөөрөмжийг хөдөлгөх боломж өргөжив. Үйлдвэрүүд зөвхөн голын усны хүчнээс хамаарах шаардлага багасаж, уурын хүч аж үйлдвэрийн хувьсгалын гол хөдөлгөгчдийн нэг болсон юм.
Өнөөдөр утасны цэнэглэгч дээрх 20W, 45W, 65W гэсэн тэмдэглэгээг харахдаа тэр W-ийн цаана Жеймс Уаттын нэр байдгийг санаарай. Нэгэн цагт бүтээлээ дуусгах мөнгө хайж явсан хүний нэрээр бид одоо чадлыг хэмждэг.
Brass: Birmingham таныг ийм хүмүүсийн өрсөлдөж байсан аж үйлдвэрийн эринд аваачна. Үйлдвэр, уурхайгаа хөгжүүлж, суваг болон төмөр замаар зах зээлтэй холбон, хязгаартай хөрөнгөө хаана зарцуулахаа өөрөө шийднэ.
Уаттын санаа түүхэнд үлдсэн. Харин таны төлөвлөгөө найзуудын тань өрсөлдөөнийг давж чадах уу?